ХҮЛЭЭХ ДУРГҮЙ...
Хүлээнэ гэдэг зүйлд дургүй хүмүүсийг хэд хэд ангилж болох юм.
Нэгт, цаг мөч бүхэн түүнд үнэтэй санагдаж завсар зай л гарвал тэр хугацааг үр дүнтэйгээр ашиглахыг хүсдэг хүмүүс.
Тэгэлгүй л яахав, тэр алдсан цаг мөч бүхэн өчигдөр нас барсан хүний хүсээд ч ирэхгүй цаг хугацаа юм чинь тэр мөчийг ашиглахыг хүсч үнэтэй санагдах нь зүйн хэрэг л байлгүй яахав.
Энэхүү шалтгаанаар хүлээх дургүй байдаг хүмүүс мэдээж их зүйлийг амжуулж, амжилт өөд тэмүүлж явдаг, нийгмийн тэргүүн эгнээний ажилчид, хичээнгүй зүтгэгч нар байх нь дамжиггүй.
Хоёрт, хүлээх гэдэг зүйлд угаас дургүй буюу “тухайн хүн өөрт нь яаж хандаж байгаа нь тэр” хэмээн ойлгодог хүмүүс.
Өөрийг нь хүндлэхгүй, болзсон цагаасаа хоцорч, нэгнээ хүлээлгэж байгаа хүнд ихэнх хүмүүс л дургүй байдаг. Магадгүй нийгэм дэх ихэнх хүмүүс энэхүү ангилалд багтах биз. Өөрийг нь үл тоож байгаа хүнд хэн л дуртай байхав дээ.
Энэхүү шалтгаанаар хүлээх дургүй хүмүүс хүндлэл гэдэг зүйлийг бусдаас эрэх дуртай байдаг биз.
Гуравт, хүлээлгэж байгаа хүний цаана “их зан” цухалзаж байдаг хэмээн бодож, “хүнд суртал” гээчийн үнэрийг авч чаддаггүй хүмүүсийн ангиллыг би гурав дахь эгнээ болгон хуваалаа.
Хоёрт ангилагдсан хүмүүсийн тухай энэ хэсэгт тодруулахад: тэд өөрсдийг нь хүлээлгэж байгаа учраас бухимдан, хүлээлгэлээ хэмээн үг хаяж цухалддаг.
Тэгвэл гуравт ангилагдах хүмүүсийн тэднээс ялгарах нэг зүйл нь тэд өөрсдийгөө хүндлүүлэхийг гол болгодоггүй бөгөөд хоцорч “хүнд суртал” гаргаж байгаад нь дургүйцдэг хүмүүс энэ хэсэгт багтана. Учир нь тэд хүнд суртал гээч зүйлээс залхсан, “хүнд суртал” “их зан”-гийн үнэрийг маш сайн ялгаж чаддаг, үнэртэх төдийд л огиудас нь хүрдэг хүмүүс.
Үнэхээр л тэр “хүнд суртал”-ын үнэр ямар муухай жигшмээр гэдгийг үгээр илэрхийлэх арга алга.
Хүлээх дургүй хүмүүсийг ийнхүү ангилж болох мэт санагдлаа. Гэхдээ хүлээлт гэдгийг та тодорхой хүрээнд авч үзэх хэрэгтэй. Хайртай хосоо хүлээх залуу, ажлын түншээ хүлээх бизнесмен хүний өнцгөөс харвал нэг өөр. Харин танилын хүрээнд нэгнээ хүлээх хүмүүсийн харилцаан дахь илрэлийг энд бичихийг хичээснийг цохон тэмдэглэе.
2010.07.23 05:26
1 сэтгэгдэл:
Uuriiguu ali hesegt orohiig bicheegui ni neg l nuutslag busdad medegdehees emeegeed ch bgaa ym shig... ih sonirholtoi blaa
Post a Comment