Харуусал...

/Булгадар Түдэвийн Галдан таны дурсгалд/

Хараач, энэ олон хүн гашуудан буйг. Хэн нэгний амнаас үг цухуйх ч сөхөөгүй тэд бодолд дарагдан, тэр аймшигт мөч хэзээ ирэх бол хэмээн айж сууна. Эмнэлгийн орон дээр хэвтэж буй та минь амьдралын төлөө тэмцэн хааяа нэг хөл гараа дээш хөдөлгөх ч дэргэд чинь бид байгааг мэдэж байгаа болов уу?

Өвөө, та бид 2 тийм ч дотно байгаагүй. Хүн аливаа зүйлийн хэр үнэ цэнэтэйг байхгүй болсон үед нь л мэддэг гэж үнэн юм. Зовж үзээгүй хүн жаргалын сайхныг мэддэггүй шиг, одоо л таны ямар хүндэлмээр хүн байсныг чинь ойлгож, одоо л энэ бүхний тухай бодон сууна. Яагаад вэ? Яагаад? Яагаад заавал энэ үед нь мэдэх ёстой гэж.

Амьд сэрүүн цагт нь таньтай ярилцаад, юу хийж ямар цаг хугацааг өнгөрүүлснийг чинь асуух хэрэгтэй байж. Гэтэл би одоо л таны тухай бодож, юу хийж байсныг чинь ойлгох гэж хичээж байна. Харамсалтай юм. Эцсийн эцэст цаг хугацаа өнгөрсөн бүхнийг хий хоосонд умбуулан алга болгочихсон байна шүү дээ.

Амар тайвандаа нойрс доо өвөө минь. Та энэ хорвоод хийх зүйлээ хийчихсэн хүн. Өөрийн амьдралаа та улс үндэстнийхээ соёлын төлөө, гэр бүлийнхээ төлөө, үр ачийнхаа төлөө зориулсан. Түүний хариуд олон хүн бүлээн нулимс унагах нь гарцаагүй.
Та минь одоо алсын нэгэн одны зүг аль хэдийн нисэн одоо биз дээ...

Баяртай, хүндэтгэн ёсолсон ач Зол-Эрдэнэ нь.
2010.09.02 19:23

ХҮЛЭЭХ ДУРГҮЙ...

Хүлээнэ гэдэг зүйлд дургүй хүмүүсийг хэд хэд ангилж болох юм.

Нэгт, цаг мөч бүхэн түүнд үнэтэй санагдаж завсар зай л гарвал тэр хугацааг үр дүнтэйгээр ашиглахыг хүсдэг хүмүүс.

Тэгэлгүй л яахав, тэр алдсан цаг мөч бүхэн өчигдөр нас барсан хүний хүсээд ч ирэхгүй цаг хугацаа юм чинь тэр мөчийг ашиглахыг хүсч үнэтэй санагдах нь зүйн хэрэг л байлгүй яахав.
Энэхүү шалтгаанаар хүлээх дургүй байдаг хүмүүс мэдээж их зүйлийг амжуулж, амжилт өөд тэмүүлж явдаг, нийгмийн тэргүүн эгнээний ажилчид, хичээнгүй зүтгэгч нар байх нь дамжиггүй.

Хоёрт, хүлээх гэдэг зүйлд угаас дургүй буюу “тухайн хүн өөрт нь яаж хандаж байгаа нь тэр” хэмээн ойлгодог хүмүүс.

Өөрийг нь хүндлэхгүй, болзсон цагаасаа хоцорч, нэгнээ хүлээлгэж байгаа хүнд ихэнх хүмүүс л дургүй байдаг. Магадгүй нийгэм дэх ихэнх хүмүүс энэхүү ангилалд багтах биз. Өөрийг нь үл тоож байгаа хүнд хэн л дуртай байхав дээ.
Энэхүү шалтгаанаар хүлээх дургүй хүмүүс хүндлэл гэдэг зүйлийг бусдаас эрэх дуртай байдаг биз.

Гуравт, хүлээлгэж байгаа хүний цаана “их зан” цухалзаж байдаг хэмээн бодож, “хүнд суртал” гээчийн үнэрийг авч чаддаггүй хүмүүсийн ангиллыг би гурав дахь эгнээ болгон хуваалаа.

Хоёрт ангилагдсан хүмүүсийн тухай энэ хэсэгт тодруулахад: тэд өөрсдийг нь хүлээлгэж байгаа учраас бухимдан, хүлээлгэлээ хэмээн үг хаяж цухалддаг.
Тэгвэл гуравт ангилагдах хүмүүсийн тэднээс ялгарах нэг зүйл нь тэд өөрсдийгөө хүндлүүлэхийг гол болгодоггүй бөгөөд хоцорч “хүнд суртал” гаргаж байгаад нь дургүйцдэг хүмүүс энэ хэсэгт багтана. Учир нь тэд хүнд суртал гээч зүйлээс залхсан, “хүнд суртал” “их зан”-гийн үнэрийг маш сайн ялгаж чаддаг, үнэртэх төдийд л огиудас нь хүрдэг хүмүүс.
Үнэхээр л тэр “хүнд суртал”-ын үнэр ямар муухай жигшмээр гэдгийг үгээр илэрхийлэх арга алга.

Хүлээх дургүй хүмүүсийг ийнхүү ангилж болох мэт санагдлаа. Гэхдээ хүлээлт гэдгийг та тодорхой хүрээнд авч үзэх хэрэгтэй. Хайртай хосоо хүлээх залуу, ажлын түншээ хүлээх бизнесмен хүний өнцгөөс харвал нэг өөр. Харин танилын хүрээнд нэгнээ хүлээх хүмүүсийн харилцаан дахь илрэлийг энд бичихийг хичээснийг цохон тэмдэглэе.

2010.07.23 05:26

Сэтгэлд хязгаар бий..

Эхлээд.

Чи хэдэн сайн найзтай вэ гэж би хүмүүсээс нилээн асуудаг. Зарим нэг нь хэдэн найзтайгаа мэддэггүй, зарим нэг нь олон сайн найзтай болох гэж хичээж хуруу даран тоолно.
Олон сайн найзуудтай байх нь сайхан л байх. Сэтгэлд өег, олон хүнтэй таатай харьцаа төрүүлээд л...
Миний хувьд дөрвөн л сайн найзтай. Түүнээс илүү олон найзтай болох боломж бий ч тэр боломжийг би ашиглаж олон найзтай байхаас зайлсхийдэг. Олон найзтай болохоос зайлсхийдэг!
Хачирхалтай сонсогдож байж болох хэдий ч үүнийг тайлбайрлахад эхлээд хэд хэдэн зүйлийн тухай бичиж хариултыг нь өөрөөсөө хайгаадахъя.

Дараа нь.

1. Сэтгэлд хязгаар бий юу?
Их том хүрээтэй асуулт. Магадгүй сэтгэл өөрөө хоосон зүйл учраас түүнд хязгаар байхгүй хэмээн философичдын зүгээс хариулт өгч болох юм. Гэхдээ бусдад зориулж чадах сэтгэл минь цаг хугацаагаар хязгаарлагдана. Мөнх зүйл гэж байдаг эсэхийг мэдэхгүй ч миний мэдэх энэ насны амьдрал хязгаартай. Үүнтэй уялдан үхэл гээч зүйлтэй нүүр тулгарах хүртэл бусдад зориулж чадах сэтгэл мөн адил хязгаартай.
2. Нэг зүйлийг олон хуваах уу?
Энэ харин маш энгийн асуулт. Бага насны хүүхэд бодоод хариулт өгч болно. Бялууг олон хуваах, цөөн хуваах 2-н аль нь нэг хүнд ноогдох хэмжээ нь их байх вэ? Хүн бүр цөөн хуваах нь нэг хүнд их оногдохыг мэднэ.
3. Хоёр замын алиныг нь сонгох вэ?
Нэгэнтээ л сэтгэл гэх бялуу нь хязгаартай юм бол түүнийг олон хуваах уу, эсвэл цөөн хуваах уу? Энэ асуулт хүн бүрийн өнцгөөс харж хариулах асуудал. Олон хуваавал миний нэг хүнд өгөхийг хүсч буй бялууг тэр хүн идэж чадах болов уу?

Эцэст нь.

Энэ хорвоод бид хугацаа богинохон ирсэн. Хэн нэгний төлөө та өөрийн чадах бүхнээ зориул. Хэт олон найзтай байх хэрэгггүй. Тэдэнд таны өгсөн бялуу таалагдаагүй учраас буцаагаад танд өгөх бялуу нь хэр том байх бол. Зөндөө л олон найзтай байдаг, сэтгэлийн гүнд байгаа үгээ дэлгээд ярьчих хүн танд олддоггүй шүү дээ. Гаднаасаа гэрэлтдэг ч таны дотор түнэр харанхуй нуугдан байдаг.


2010.08.31 04:43